Амьдрах Хүслэн

Амьдрах хүслээр дүүрэн Түүний тухай…

  • Блог унших заавар

    Хэрэв та дахин орж ирж байгаа бол vvний доор байгаа Сэтгэгдэл(RSS) гэдэг товлуур дээр дарвал сvvлд ирсэн сэтгэгдлvvдийг бvгдийг харах болно. Сэтгэгдэл тус бvрийн линкин дээр дарвал тухайн сэтгэгдэл гарч ирэх тул тэнд хариулт бичиж болно
  • Сурталчилгаа

    Та өвчинд шаналсан хөөрхий Заяа охинд туслахыг хүсч байвч хандив өргөж амжихгүй байна уу? Тэгвэл доорх сурталчилгаа дээр дарж байгаарай. Харин урьдынх шигээ 'гэнэ алдаж' нэг дор олон удаа угсруулан дарахгүй байхыг хичээцгээе! Орж ирэхдээ нэг удаа дарахад хангалттай. Баярлалаа!
  • Мета

Архив 4 сар, 2007

Өөрийгөө Бодох Завгүй Амьдрал

Бичсэн life , 4 сарын 23, 2007

Шинэ week эхэлж байна аа. Гэсэн ч өглөө хоцорчихлоо. Манай ажлынхан миний байдалд бүүр дасан зохицсон бололтой. Байнга ажлын цаг гэж дарамтлахгүй нь нэг талаар намайг баярлуулах боловч ач холбогдол багатай зүйлд хэрэрхий ач холбогдол өгөх нь намайг багагүй чирэгдүүлдэг. Гэхдээ яахвээ, учир байдлыг минь ойлгоод чөлөөлөөд байгаа нь надад их юм. Эхэндээ ч хэлж чөлөө авдаг байснаа сүүлдээ хаяаад алга болдог болсон. Захирал маань хааядаа нэг л дүү чинь яаж байна гэж асуудаг л юм. Тааруухан гэдэг хариулт хэзээ дуусах юм бүү мэд.

Гэхдээ бас ололттой. Тэр маань хоолоо өөрөө халбагадаж иддэг болсон. SMS бичдэг, утсаар яридаг, хөгжим сонсоё гэж гуйдаг болсон. Одоохондоо ядарчих байх гээд хөгжим сонсохыг нь би зөвшөөрөөгүй. Харин баруун хөл нь мэдээ орохгүй байгаад нь, бас толгой нь байнга өвдөөд байгаад нь, хааяа зүрх нь хүчтэй цохилоод байгаа нь санаа зовоосоор л байна. Нурууны шарх нь гайгүй болоход дор хаяаж 1 сар хэрэгтэй гэсэн. Өдөр өдрөөр уг нь наашлаад л, биднийгээ баярлуулаад л байгаа даа тэр маань.

Өчигдор орой нойр хүрэхгүй нэлээд л хөрвөөлөө. Янз бүрийн л юм бодогдож байна. Хуучин boyfriend  маань ч бодогдож байх шиг. Нээрээ би түүнийг санаад ч байх шиг. Гэхдээ одоо нэгэнт дуусгасан болохоор мартахаас яахав дээ.

Шинэ амьдрал эхэлнэ гэж аль дээр, хуучин оны төгсгөлд нэг биш хүнд амласан санагдах юм. Гэтэл юун нөгөө шинэ амьдралаа бодох. … өөрийгөө ч бодох завгүй нэлээд хэдэн сарыг өнгөрүүлсэн байх юм. Цаг хугацаа хүлээгээд байхад явдаггүй хэрнээ асар хурдан өнгөрсөн байх юм даа.

Өмнүүр минь хөндөлсөх гунигийг өшиглөж хаяаад

Өөдрөг сэтгэлээр амьдралыг харж

Өөртөө итгэлтэй бардам алхахсан.

Бүлэг life, Бидний Тухай | 1 Сэтгэгдэл »

Хорьж Болдоггүй Хорин Нас

Бичсэн life , 4 сарын 23, 2007

Хэдхэн жилийн өмнө би 20 настайдаа III курсээ төгсчихсөн, өөрийгөө их л том хүн болчихсон мэтээр төсөөлдөг, үеийнхээ хөвгүүдийг дурлуулж уйлуулдаг бас болоогүйэ гф’стэйгээ нийлж дискоддог, оооох бас винодчихдог, Хар чоно, Хан брау гээд л фамоус рэстаурантад өдрийн хоолонд уригддаг тийм охин байлаа.

20 насныхаа зун хичээл амарсны дараа анхныхаа ажлыг хийж узлээ. Энэ нь Гадаад яаман дээр 1 хүний туслах маягийн ажил байлаа. Ажил хийх их гоё бөгөөд амархан санагдаж байлаа. Тараад л найзуудтайгаа уулзаад л, хааяа бас машинаар зугаалаад л. Төрсөн өдрөөрөө 20 сарнай аваа л, хайртай гэсэн чин сэтгэлийн үгийг сонсоо л, бацаан байсан болохоор юун тэр хайр ойлгохтой манатай, хайртай гэж 20 сарнай бэлэглэсэн залуугаас зугтаагаа л. Гэрийнхээ гадаа хүлээлгээ л, дүү маань тэр залууг шоолж үйлийг нь үзээ л, заримдаа дүүгээ дагуулж залуутай хамт хөтлөлцөж алхаа л.

Бас анх удаагаа хөдөө яваад Почэмучка гэдэг хоч авч байлаа. Аргагүй л дээ, хэзээ ч очиж байгаагүй хөдөөний амьдрал сонин содон байснаас л тэгж олон почэму гэж асуусан хэрэг.
Хүүхэд байсан 20 нас минь надад мартахын аргагүй сайхан дурсамж үлдээсэн.
Гэтэл тэр минь өнөөдөр 20 нас хүрэхэд дөнгөж 2хон сар дутуу байна. Хуний амьдралын хамгийн сайхан дурсамжуудыг түүнд улдээх ХОРЬЖ БОЛДОГГҮЙ ХОРИН НАС. Энэ 20 насаа тэр хэвтэж өнгөрөөхийг би харж тэвчишгүй нь.

16 наснаасаа хойш тэр хэвтэрт байна. Хааяадаа босож явдаг байсан ч буцаад л хэвтдэг. Өвчин намдаах эмийн хүчээр өдөр хоногийг өнгөрүүлж байсан түүнд тэр өвчнийг нь намдааж байсан эм эргээд хор болтол тийм ихийг уужээ. Эм гэдэг удаан бөгөөд байнга хэрэглэхээр эргээд хор болдогийг би бодит жишээн дээр мэдэрлээ.

Үеийнх нь хүүхдүүд конкурс өгөөд гүйж явахад тэр маань эмнэлэгт тааз ширтээд л, гунигаа нулимсаараа тайлж, гомдлоо хөнжил дэр 2тойгоо хуваалцаж хэвтсэн.

Тиймээ, тэр сэтгэлийн тэнхээгээрээ өдий хүртэл амьд байгаа. Түүний амьдрах хүсэл, хөл дээрээ явах хүсэл дэндүү их. Бүүр хэн хүнд байдгаас хэчнээн зуун мянга дахин их.

Өөрөө хөл дээрээ явж чадахгүй байж өрөөл бусдыг өрөвдөх, бусдын төлөө сэтгэлээ зовоох сэтгэл түүнд асар их бий. Тиймдээ ч тэр хэтэрхий сайхан сэтгэлтэй. Муу муухай бухнийг юу ч мэдэхгүй тийм ариухан.

Би хорин насандаа амьдралийг ягаан шилний цаанаас хардаг байсан шиг тэр бас л нэг ягаахан шилний цаанаас амьдралийг дандаа сайхнаар хардаг. Би түүний энэ ягаан шилийг нь авч хаяхыг хүсэвч одоохондоо чадахгүй. Шилээ авангуут харагддаг саарал амьдралийг түүнд мэдрүүлээд ч ер нь яах юм билээ. Сэтгэлийг нь зовоохын л нэмэр. Гэхдээ миний ягаан шил надад муу муухайг биш, сайн сайхныг харах, мэдрэх, үнэлэх, тэмүүлэх чадвар суулгасан билээ.

Одоо тэр дотроо юу бодож хэвтэж байгаа бол??? Уйлаад гүйдэггүй юмаа гэхэд хааяадаа биеийг нь асуудаг тийм найз хөвгүүн алга, үргэлж ирээд байдаггүй юмаа гэхэд хааяадаа ирээд ярьж суугаад сэтгэлийнх нь зовлонг нимгэлдэг тийм найз охин алга. Тийм хүнийг үгүйлж л байгаа байх.

Нэг л мэдэхэд түүний найзууд мөр мөрөө хөөгөөд одсон байх юм. Хичээл ном, шалгалт шүүлэг гээд завгүй байгааг нь би мэдэж байгаа ч. Сар гаруй болоход түүний найзуудаас хэн нь ч узэгдсэнгүй. Хөөрхий дүүг минь зовлон дунд нь торойтол орхичихоод гүйгээд л явцгаадаг тийм л найзууд байсан бололтой.

Гэхдээ нэг бодлын энэ нь ашигтай ч юм шиг. Хэрэв тэд ирээд элдэв шоудсан энэ тэрээ яриад хүүхдийн сэтгэл санаа үймүүлчихвэл бас л хэцуу. Тэгэхээр ирэхгүй байсан нь зөв ч юм шиг.
Иймэрхуу таамаг төдий бодлоор амьдрахийг би хүсдэггүй. Гэтэл аргагүйн эрхэнд ийм таамаг бодлоороо л өдөр хоногийг өнгөрүүлэх юм. Эрх хөөрхөн дүүгээ эруул болгочихвол эгчийнх нь энэ насны хүсэл биелэх нь тэр дээ.

Бүлэг Амьдрах Сайхан, Бидний Тухай, Тусламж | 4 Сэтгэгдэл »

Жижигхэн Зөвлөгөө

Бичсэн life , 4 сарын 21, 2007

Хэрвээ та хүүхэдтэй бол, эсвэл бага буюу өсвөр насны дүүтэй бол үүнийг анхаарч уншаарай. бидний мэддэг хэрнээ учрыг нь мэддэггүй, бас хэлээд байхад анзаарч тоодоггүй нэг зүйлийн тухай зөвлөх гэсэн юм.

Энэ юу вэ гэвэл хүүхэдүүд хөл өвдөөд байна, гар өвдөөд байна гэхэд ээж аав нь өсөх гэж өвдөж байгаа юмаа гээд тоодоггүй ш дээ. Ийм явдал манай монголд бол жирийн үзэгдэл. Бараг л өсөх гэж өвдөж байгаад нь баярла гэж хэлдэг хүн ч байдаг л байх.

Гэтэл энэ хамгийн буруу зүйл юм байна. Хамгийн энгийнээр тайлбарлавал хүний ясанд Кальц дутагдаад, энэ мэдээллээ тархи руу дамжуулна, үүнийг нь тархи тэр өвдөлтөөр илэрхийлдэг юм байна. Энэ үед нь Кальц уулгах буюу кальцаар баялаг хоол хүнс өгч байх хэрэгтэй байдаг юм байна. Хэрвээ дутагдаж байгаа кальцыг нөхөж авч чадахгүй бол кальцын дутагдалд орохоор барахгүй үе мөчний өвчин, яс сийрэгжилтийн үндэс суурь тавигддаг юм байна.

За 2 дахь зөвлөгөө бол бас л хэн бүхний мэддэг хэрнээ анхаардаггүй, тоодоггүй тэр зүйлийн тухай. Энэ бол цус багадалт. Үүнийг бас л 1 төрлийн өвчин гэж үздэг юм байна. Хүний биенд 24 цагийн турш судсаар нь цус дамжин гүйж тэжээж байх ёстой. Цус багадхаар судсаар цус ингэж гүйж чадахгүйгээс маш олон төрлийн өвчин үүсдэг юм байна.

 Хэрвээ цус багадалт удаан хугацаагаар үргэлжилвэл таны зүрхний ховдолд цус очихгүй байснаас ховдол чинь хоосон ажиллаад л байна. Үүнээс болоод  эхэндээ зурх чинь хүчтэй цохилно. Та ч яахав, эм ууж эхэлнэ. Эмэнд түр хугацаанд дарагдах боловч дараа нь улам хучтэй цохилно. Ингээд heart attack /зүрхний инфракт/ үүснэ. Үүн дээр бас өөр бусад хүчин зүйлүүд нэмэгдэнэ. Монголчуудын ихэнхи өвчиний үүсэл нь цус багадалт байдаг гэсэн судалгаа ч байдаг юм байна.

Жижиг ч гэсэн та үүнийг байнга санаж хэрэгжүүлж байхыг бодоорой. Эрүүл явбал мянган лан гэдэг шүү дээ. 

Бүлэг life | 1 Сэтгэгдэл »

Гомдсон Гэвэл Энэ Багадна

Бичсэн life , 4 сарын 21, 2007

Үнэндээ гомдсон гэж хэлбэл энэ багадна л даа. Тэр үед надад хэлэх ч уг байгаагүй. Хэлэх үггүй болох үе хүнд тохиолддог юм бн. Түүний шархыг мэс заслын эмч ирж үзэж янзалж өгдөг юм. Эмнэлгийн ном журмын дагуу бол ингэх ёстой юм байна. Бид нарыг гар хүргэж огт болдоггүй юм бн. Учир нь жирийн хүмүүс шархийг нь буруу цэвэрлээд бохир оруулбал шарх улам хүндрээд аюултай болдог юм бн.

Гэтэл нөгөө мэс заслын эмч, сувилагч гуай нар ирэхгүй хэд хонолоо. Их л завгүй хүмүүс байдаг бололтой. Тэгэж байж, бид нарыг болон жижүүрийн эмч царай алджийж тэр эмч гуайг олж ирэвээ. Гэтэл юу ч битгий түрх, ингээд энэ байдлаар нь хатаах хэрэгтэй гэж хэллээ.

Хүний нурууний бараг тал нь ил гарчихсан, цус гоожоод, олон уулзварынх нь яс ил гарчихсан байхад юу ч түрхэж цэвэрлэж, ямар ч боолт хийх хэрэггүй гэж сонсоод би ч гайхлаа. Учрыг нь лавлатал ингээд хатаадаг юм гэж хэллээ. би араас нь дагаж гараад л энэ аюултай биш үү, идээлсэн бн шдээ гэж хэлтэл идээ нь гайгүй юм бн аа. Одоо үхсэн махыг нь авчихсан учраас ахиж идээлэхгүй. Тийм болохоор миний хэлснээр хатаах хэрэгтэй гэлээ. Би бас л ингэж байгаад идээ нь цаашаа явчихвал яах вэ, ядаж боож болохгүй юм гэтэл тэр эмч дургүй нь хүрсэн бололтой хатаах хэрэгтэй гэчихээд яваад өгчихлөө.

За ямар ч байсан мэс заслийн эмч хэлсэн тул итгээд л тэр хэвээр нь унтуулах боллоо. Гэтэл аргагүй шүү дээ, Нөгөөх нь өвдөөд л, тэр уйлах гээд л ёолоод л. их л хэцүү байлаа.
Тэр шөнийг арай ядан л өнгөрүүллээ.

Маргааш нь ажил дээрээ ирээд л суужийтал ажлын эгчийн дүү нь гэмтэлд ажилладаг, тийм шархыг хэзээ ч тэгж байлгадаггүй юм. Чи манай дүүг аваачаад үзүүлэх үү гэлээ. Тэгэнгүүт нь л шууд ажлаа хаяад дүүг нь очиж аваад үзүүлтэл ……………….. юу вэ бүүр болохоо больчихсон бн, шөрмөс нь ил гарчихсан ийм шархыг юу гэж ил байлгаж болохын, ёстой болку гээл бөөн юм боллоо. Хэрвээ шөрмөс нь гэмтвэл хүний хөл мэдээгүй болдог гэлээ. Тэгээд 5-6 юмаар арчаал, боож өглөө. Арай ч дээ, хүнийг ийм болгоод байх даа яахав дээ гээд л тэр эгч их л санаа нь зовж байлаа.

Энэ үед надад тэр мэс заслын эмчид гомдол гаргая ч гээд чадал минь хурэхгүй байлаа. Үг дуугарвал л нулимс гарчих гээд л. Бүүр юу хэлэхээ ч мэдэхгүй болсон байлаа би. Үнэндээ би тэр эмчид гомдсон гэвэл багадна. Хэрвээ тэр эмч залуугийн дүү нь ч юм уу эсвэл хүүхэд, бүүр хамаатан нь байсан бол тэр лав ингэж хайхрахгүй өнгөрөөхгүй байсан байх л гэж бодогдож байсан.

Одоо хүртэл би тэр хүнийг яагаад тийм хайхрамжгүй, тийм хүйтэн бөгөөд ямар ч хүн чанаргүй, бүүр эмч хүнд байх ёсгүй уйлдэл гаргасныг нь бодоод л байхийн. Гэхдээ ямар ч байсан би тэр хүнд заавал хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл ахиад тэр хүн хэчнээн ч хүнийг ингэж зовоох юм билээ бүү мэд.

Уг нь би ямарваа зүйлийг муулъя гэж бодоогүй юм. Гэтэл үнэн бодит байдлыг ярихаар муулсан болчих гээд байх юм. Ялангуяа эмч нарын тухайд. Дээрх явдлаар би тэр хүнийг муулж муутгах гэсэн юм биш. Ажилдаа чадварлаг биш гэж хэлэх гэсэн ч юм биш.
Зүгээр л тэр эмчийн 1 удаагийн өвчтөндөө хандсан байдлыг л бичиж байна. Хэрвээ тэгээд бид өөрсдөө хун олж, боолт хийлгэж, шархаа цэвэрлүүлээгүй бол /тэр эмчийн үгээр хатаасан бол/ тэр маань шөрмөс нь хатаад хол нь мэдээгүй болж, амьдралдаа ахиж хэзээ ч явж чадахгүй болсон байх байж. Ингээд өвчтэй биедээ ахиад өвчин олж аваад гутарсан сэтгэлд нь ахиад гутрал нэмэх байж.

Ингэж болно гэж үү дээ. Арай ч дэндүү байгаа биз дээ. Хэлэх ч үг олдохгүй байхийн тэр хүнд.
Анх уг нь эмнэлэгт хэвтэхдээ ямар ч арьс нь цоороогүй байсан юм. Сэхээнд олон хонох үед л арьснууд нь цоорсон. Уг нь бол сэхээний эмч сувилагч нар байнга хөдөлгөж хэвтрийг нь сольж байх ёстой байжээ. Гэтэл ингээгүй болохоор цоороод, тэр нь улам томорсон байна.

Хүн янз бүрийн хараал хэлэх, муу зуйл хийвэл нүгэл гэж хүмүүс ярьдаг шдээ. Хүнийг ингэж зовоож, хүнд ингэж хүний мөсгүй хандвал эргээд энэ нь ёстой нүгэл болох байхаа гэж тэр үед надад бодогдсон.

Бурхан минь ахиж ийм муухай зүйл бодохгүй амьдрах юмсан.

Бүлэг Амьдрах Сайхан, Бидний Тухай | 2 Сэтгэгдэл »

Эмнэлэгт

Бичсэн life , 4 сарын 21, 2007

завгүй өдөр хоног үргэлжилсээр. түүний бие сайжраагүй хэвээр. бүрэн сайжрахад асар их хугацаа хэрэгтэй бололтой. нурууны шарх нь гайгүй болж байх шиг. гэхдээ л шархыг цэвэрлэх бүрд тэр аймар хашгирдаг. аргагүй шүү дээ. мах, шөрмөс нь ил гарчихсан, түүнийг нь 5-с янзын юмаар цэвэрлэдэг учраас. ингээд дууссаны дараа хөлс нь гараад л арай жаахан тайвширдаг.

өглөө сэрэнгүүтээ л нөгөө сувилагч хэзээ ирж боолтыг нь солих бол гээд л айгаад л, хөлийн чимээ гарах бүрд сэртэс хийж хараад л. ямар ч өрөвдөлтэй юм бэ дээ. би эхлээд тэвчдэг байсан, одоо бол яагаад ч тэвчиж чадахгүй байх юм. яг боолт хийж байх үед нь гараад явчихмаар л санагддаг.

харахад ёстой аймар. хүний яс их л сонин өнгөтэй байдаг юм байна. би тийм гэж хэлж чадахгүй тийм сонин өнгөтэй. ядаж энэ шарх нь хурдан эдгэчихвэл түүний биэ өвдөлтөө арай л бага мэдрэх байх даа.

өчигдөр орой бас зүрх нь хүчтэй цохилоод бид нарыг их айлгасан. ахиад heart attack болбол тэр тэсэхгүй байх. тийм болохоор би үүнээс маш их айж байна.

ингээд нэг юм боолт хийж дууссаны дараа тэр жаахан тайвширдаг. өнөөдөр ахиад л надаас би хэзээ эмнэлэгт хэвтсэн бэ? хэр удаж байна вэ гээд л асуулаа. би түүний энэ асуултанд өдөр бүр л хариулж байхад тогтоохгүй байгаа юм байх даа? бас эсвэл ухаангүй удсан хун ингэж мартамхай, юм санадаггүй болчидог юм болов уу?

би бас түүнийг жаахан шалгаж үзсэн. фм-ээр Юлия Саүйчэвагийн дуу явж байхаар нь би энэ чинь хэний дуулсан дуу билээ, би нэрийг нь санахгүй байна гэж асуусан чинь тэр зөв хариулсан. бас багынхаа явдлуудыг ч санаж байсан. тэгэхээр санах ой нь гайгүй ч юм шиг.

гадаа ямар байгаа болоо? гадаа гарах юмсан гэж тэр бас хэлсэн.

би түүнд жижигхэн Pooh аваачиж өгсөн. тэр баярлаад л  Pooh-ийг бариад л суулгаад л, хөл гарыг нь оролдоод л их хөгжилтэй байх шиг санагдсан.

өөрийг нь бие даалгах хэрэгтэй гэж бодоод би хоолыг нь хажууд нь тавиад өөрөө халбагадаж ид гэсэн чинь тэр өөрөө идсэн. гэхдээ хажуулдаад хэвтдэг болохоор жаахан хэцүү байсан л даа. амнаас нь асгарчих гээд л. гэхдээ л тэр гүрийж байгаад өөрөө хоолоо идсэн. одооноос эхлээд жижиг зүйлийг ч болов өөрөөр нь хийлгэж байх хэрэгтэй гэж бодоод л би ийм алхам хийсийн. амжилттай болсонд нь баяртай байна аа.

тэр бас эмнэлгээс гараад гэртээ харимаар байна, одоо гаръя л даа гээд намайг их шалсан. үгүйэ болоогүй гэсэн чинь над руу хэлээ гаргасан. хэхэ. уг нь тэр маань эрүүлдээ их хөгжилтэй л дээ.

удаан хэвтсэнээс болоод тураад хөл гар нь гэж яг л шугам шиг нарийхан болчихсон. нүд нь бас хөнхийгээд улам том болчихсон. нээх л том нүд өөдөөс хараад хөмсгөө зангидаад байх нь их өрөвдөлтэй байдаг юм. Хөмсгөө зангидаж байгаа нь надад эрхэлж байгаа хэрэг л дээ. турчихсан болохоос биш улам ч хөөрхөн болчихсон ч юм шиг.

Бүлэг Амьдрах Сайхан | Сэтгэгдэлгүй »

Баярын Нулимс

Бичсэн life , 4 сарын 19, 2007

Гэнэт смс ирлээ. Гэтэл тэр над руу хэзээ ирэх вэ гэж смс бичсэн байна аа.

Wow. Би сая ямар их баярлаваа. Баярын нулимс шууд л урслаа. Бурхан минь баярлалаа. Тэр ядаж смс яаж бичдэгийг мартаагүй байна аа. Тэгэхээр одоо мартсан зүйлээ санах байх гэсэн найдвар төрлөө.

Сүүлийн үед надад захирагдахаа больсон зүйлийн нэг нь миний нулимс. Яаж ч захирах гээд чадку байгаа юм. Өөрийн мэдэлгүй урсаад л.

Гэтэл тэр өвдсөндөө уйлах гээд чадахгүй байгаа гээ л бод доо. Зарим нь ч үүнийг төсөөлөхөд хэцүү л байгаа байх. Уг нь хүн уйлах үед өвдөлтийг намдаадаг ямар ч билээ дээ гени ялгардаг гэж уншиж байсийн. Тэгээд түүнийг уйлахыг нь би хориглодоггүй юм. Гэтэл даанч тэр уйлж чадахгүй байгааг хараад би түүний өмнөөс бас уйлаад байгаа юмшиг санагддаг.

***

Бас нэг том бэрхшээл миний хажууд суучихаад намайг багалзуурдаж авах гэж байгаа юм шиг санагдаад байх юм. Энэ бол мөнгө. Түүний эмчилгээний зардал гэж нэлээд гарч байгаа. Танидаг эгчийн эмийн сангаас очиж гарын үсэг зурж авсаар байтал үнэ нь нэлээд их болчихсон байна. Энэ ч аргагүй л дээ. Гэтэл маргааш тооллого хийх гэж байна гэж сая над руу залгаж байна.

Ингээд л миний санаа зовох ёстой зүйл багасах биш ихсээд байх юм. Хааяа би надад ямар нэг эгч ч юм уу ах байдаг ч болоосой гэж их хүсдэг. Гэхдээ хааяа л даа. Хэцуу үед зөвлөж тусалдаг хэн нэг нь байдаг ч болоосой.

Тэгээд заримдаа бас олон хүүхэдтэй айл их гоё санагддаг. Олуулаа ярилцаад л бэршээлийг давах гарц яаж ийгээд олдог л байх.

Харин би …. ингээд л блог бичиж өөрийгөө тайвшруулах юм даа. Энэ блогийг бичээд би дотроо байгаа бусдад хэлж чадахгүй зүйлээ гадагшуулахийг хүссэн юм. Бага ч гэсэн тайвшраад ч байх шиг.

Бүлэг life, Амьдрах Сайхан, Бидний Тухай, Тусламж | 6 Сэтгэгдэл »

Сэтгэлийн Гал

Бичсэн life , 4 сарын 19, 2007

би өнөөдөр ажилдаа ирлээ. нэлээд удаан хугацаагаар чөлөөтэй  байсан болохоор миний янзлах бичиг цаас гэж овоорч өгчээ хөөрхий. цаасан овоон дунд суусаар байтал өдөр нэг мэдэхэд л дуусчихсан байлаа.

бас өнөөдөр 1 эрдэм шинжилгээний хуралд суулаа. хуний илтгэл сонсоод бараг юу ч ойлгосонгүй. энэ хурал биш өөр л зүйл толгойд эргэлдээд байлаа. энэ бол зөвхөн тэр.

бодоод байхад би ер нь өөрийгөө захирч чадахаа больчихсон юм шиг байх юм. яаж ч хичээгээд уншсан илтгэлийн эхний хэдэн мөрөөс бусад нь толгойд алга.

за яахав. яваандаа болох байх гэж өөрийгөө тайвширууллаа.

буцаж өрөөндөө ороод ажлаа хийгээд л. Ядаж байхад  сүлжээ тасарчихсан байлаа.

түүний бие сүүлийн хэд хоногт дээрдэж өөрчлөгдсөн  зүйл тун бага. харин тун сул дорой боловч ганц хоёр үг хэлж байгаа. жишээ нь юм ууя, бие засая гэх мэт. би үүнийг нь тун их олзуурхаж байгаа. гэхдээ тэр яагаад эмнэлэгт ирснээ, энд ирээд хэд хоносноо ердөө ч санахгүй байна. эмнэлэгт хэвтэхийн өмнө  ч бас ямар байснаа санахгүй байлаа.

надаас асуухаар нь үнэнийг нь хэлэх гэснээ айгаад хэлсэнгүй. учир нь би түүний санааг зовоохыг хүсээгүй болохоор л тэр.

өглөө гарахдаа би түүнд ингэж хэлсэн. чиний бие одоо гайгүй болсон болохоор би ажилдаа явлаа. одоо би чамд санаа зовохоо болисон. хамаг аюул ард үлдсэн шүү дээ, тийм болохоор хоолоо сайн идээд, тариагаа тариулаад бас сайн унтаарай за гэж хэлсэн.

яг үнэндээ бол түүнд санаа зовохоо болино гэж шал худлаа. Зүгээр л тайвшруулах зорилгоор л хэлсийн. тэр над руу нээх хөөрхөн харж байснаа за гэж хэлсэн шүү.

ямар ч байсан хэдэн үг хэлж миний санааг амраасан болохоор би гайгүй болох байхаа гэсэн жижигхэн галыг сэтгэлдээ асаасан. энэ гал улам дурэлзэн асаасай гэж би хүсч байна.

ер нь хэзээ би энэ блог дээр баяр баясгалантай үйл явдлуудыг бичих бол? тэр өдрийг хурдан ирээсэй гэж хүсч сууна.

Бүлэг life | Сэтгэгдэлгүй »

Эмнэлгээс Гарах нь ээ

Бичсэн life , 4 сарын 18, 2007

Өнөөдөр эмч нь орж ирээд эмнэлгээс гаргана гэж хэллээ. учир нь 1 хүний эмнэлэгэт хэвтэх хугацаа нь 10 хоног байдаг гэж байна. гэтэл тэр эмнэлэгт хэвтээд 21 хоносон байна гэнэ. тэгээд хугацаа хэтэрсэн учраас гар гэж хэлж байх юм.

Харин түүний бие сайжирсан зүйл алга. Нурууны шарх нь улам томроод аймар хэвээрээ, бас юунаас болж байгаан бүү мэд хөл нь байн байн татаад байхад эмч нь гайгүй гээд байх юм. Бас урьдны юмаа бүрэн санахгүй байхийн. Яагаад эмнэлэгт хэвтсэнээ, хэвтэхээс өмнө ямар байснаа, юу хийж, яаж баярлаж байснаа ч санахгүй байна.

Гэтэл эмч нь одоо сайжирсан, гайгүй болсон гэх юм.

Бүүр ийм шархыг крантны усаар савандаад угаадаг, би өөрийнхөө шархийг ингэж байсийн гэж хэлж байхийн. Энэ хэлж байгаа хүн нь тасгийн эрхлэгч, энэ эмнэлэгтээ л нэртэй эмч нарынх нь нэг.

Түүний үгийг сонсоод би бүр гайхчихлаа. Улсын хамгийн том эмнэлгийн эмч ийм ч юм хэлж байх гэж дээ. Одоо бараг хөдөө сумын эмнэлэг ч ийм юм хийхгүй шдээ. Тэгээд ч өөрийнх нь хамаатан байсан бол арай ч ийм юм хэлэхгүй байсан байх даа гэж бас бодлоо. Гомдох, үзэн ядах сэтгэл ч тэр үед төрж байсныг нуух юун.

Орлогч дарга дээр нь орж учир байдлаа хэлж байж хэд хоног сунгууллаа. Тэгээд одоо хэзээ гар гэж хэлэх гэж байгаан бол, бүү мэд. 1 өдөр л гар гээд хөөх байх даа. Хүнд өвчтэй хүмүүсийг 10хан хоногт эмчлээд зүгээр болгочихно гэдэг ёстой үлгэрт л байдаг зүйл байх даа.
Өвчнөө гайгүй болгоогүй байж гэртээ очоод өвчин нь бүр хүндэрвэл яах болж байнаа? Юуч мэдэхгүй ар гэрийнхэн нь сандраад л их хэцүү байдаг юм л даа.

Энэ манай улсын хууль гэж ерөөсөө авах юм алга санагдлаа. Яагаад ийм хууль гаргасийн бол. Яагаад баталсийн бол? Ёстой гайхлаа.

Бас эмнэлэгт хэвтээд гарсан хүн ахиад 3 сар хэвтэх эрхгүй гэнэ уу? Хэн нэг нь бас ийм үг хэлээд амжлаа. Хэрвээ энэ үнэн бол яах болж байнаа? Хөөрхий өвчтэй хүмүүс энэ хуулинд захирагдаад гэртээ очоод үхэх болж байна уу?

Шударга бус зүйл энэ амьдралд маш их байх юм даа.

Бүлэг Бидний Тухай, Тусламж | Сэтгэгдэлгүй »

Яаж Сэтгэлийн Тэнхээтэй Болох вэ?

Бичсэн life , 4 сарын 18, 2007

бодоод байсан чинь миний сэтгэлийн тэнхээ дуусч байх шиг. одоо би юу хийх, яах ёстойгоо ч мэдэхээ боличихлоо.

хоол ч хоолой давахгүй, нойр ч хүрэхгүй хэд хонолоо. өнөөдөр  цусаа өгсөн. ухаан алдаж унах шахлаа. гэвч хаанаас ч юм тэвчээр өөрөө гарч ирдэг бололтой. тэвчээд л өнгөрсөн байхаа.

тэр ийм олон хоногийг тэвчээд байхад би тэвчиж чаддаггүй байгааг бодоход би сэтгэлийн тэнхээ муутай хүн бололтой.

би яаж энэ бүхнийг давж гарах вэ?

та нар ийм үед тохиолдвол юу хийх байсан вэ? хэн нэг нь надад зөвлөөч.

Бүлэг life, Бидний Тухай, Тусламж | 5 Сэтгэгдэл »

Авилгалыг Устгах Юмсан

Бичсэн life , 4 сарын 18, 2007

Монголд өнөөдөр авилгал өгөхгүйгээр амьдрах аргагүй болж.

Түүний бие тааруухан хэвэндээ. Нурууных нь шарх улам л томроод аймар болчихсон. Бас олон уулзварынх нь яс ил гарчихсан. Ийм болохоор дээшээ харж хэвтэх ямар ч арга алга.

Уг нь эмнэлэгт хэвтэхээс өмнө ямар ч арьс нь цоороогүй байсан юм. Гэтэл эмнэлэгт хэвтээд сэхээнд 7 хоноход л нуруу, ташаа, хөлийн өсгий, шагай, мөр гээд л олон газарт арьс нь цоорсон. Яагаад гэвэл сэхээнд байх үед нь эмч сувилагч нар нь ерөөсөө хөдөлгөж, хэвтрийг нь солиогүй учраас ингэсэн байна. Ухаангүй байгаа хүн мэдээж өөрөө хөдөлж чадахгүй шүү дээ.
Уг нь бол байнга хэвтрийг нь сольж байх ёстой байжээ. Гэтэл тэд тэгсэнгүй. Муухай юмаа. Хэлэх ч үг алга.

Сая мэс заслийн эмч үзээд нурууных нь шархны ил байсан талыг хуулж автал шарх нь улам гүн рүүгээ ороод идээлсэн байлаа. Ёооё. Харахаас ч аймар. Өөрийн эрхгүй нулимс гоожоод харж ч чадсангүй. Миний бие хүртэл нэг л сонин болчихлоо.

Эмч ойр орчмынх нь үхсэн махыг авах хэрэгтэй гээд хайчлаад авч байна. Ёоооо амьдаараа махаа хайчлуулах ямар аймар вэ. Аймар их өвдөж байгаа байх даа. Үгээр илэрхийлэх арга алга.

Өдөр бүр ингэж авна гэнэ. Ёооооё.

Хүн гараа зүсэхэд л аймар өвддөг шд. Хорсоод л их хэцуу байдаг. Гэтэл энэ тэрнээс хэдэн мянга дахин илүү их өвтгөж байгаа байх даа.

Яавал үүнийг хурдан эдгээх вэ? хэн нэг нь ямар нэг арга мэддэг бол туслаач.

Бас энд эмнэлэгт авилгалгүй бол юу ч бүтдэггүй газар юм байна. сувилагч, асрагч гээд хүн бүрт таарсан авилгал өгөх хэрэгтэй байдаг юм байна. Уг нь би энэ хүмүүсийг энэ хийж байгаа ажлынхаа төлөө цалин авч амьдардаг гэдгийг мэднэ. Гэхдээ энэ тэдэнд хангалтгүй бололтой. Өвчтөн бүр л тэдэнд жижгээс том хүртэлх янз бүрийн авилгал өгөх юм. Яг үүнийг харин авилгал гэж нэрлэхүү үгүй юу гэдэгтэй та нар санал нийлэхгүй ч байж магад. Харин би бол авилгал л гэж нэрлэмээр санагджийна.

Хэрвээ өгөхгүй бол тариаг нь цагт нь хийхгүй, эсвэл хийгээгүй байж хийсэн гэж бичнэ. эсвэл хийх ёстой тариаг манай эмнэлэгт тасарсан, гэрээсээ авчруул гэж хэлдэг юм байна. Тэгэнгүүт хөөрхий өвчтэй хүмүүсийг сахиж байгаа хүн нь шууд эмийн сан яваад л худалдаж авах юм. харин эмийн санд нь нөгөө тариа нь өөрийнхөө үнээс илүү үнээр зарагдах юм.

Эмийн санд байгаа тариа эмнэлэгт тасрах ёсгүй байдаг юм байна. Хэрэв эмнэлгийнх нь тасарсан бол эмийн сангийнх нь бас л адилхан тасарсан байх ёстой гэж эрүүл мэндийн яамны хүн хэлж байхийн. Тэгээд аятайхан аргыг нь олоод байж байх хэрэгтэй гэж зөвлөлө. Энэ нь шууд утгаараа авилгалийг нь өгөх хэрэгтэй гэж хэлж байгаатай адилхан санагдлаа.

Хамгийн чухал нь тэр маань л хурдан гайгүй болоосой. Өөр бусад нь бол ийм үед ерөөсөө ч чухал санагдахгүй болчихож.

Би гэдэг хүн энд эмнэлэг дээр ирээд нэлээд хэд хонолоо. Өөрийнхөө ажлыг бүүр таг мартжээ. Ажлаасаа авсан чөлөөний хугацаа аль хэдийн хэтрээд хэд ч хоносын бүү мэд. Цаг хугацаа энд их хурдан өнгөрдөг юм байна.

Бүлэг Амьдрах Сайхан, Бидний Тухай, Тусламж | Сэтгэгдэлгүй »